Газар зүйн нэрийн зөвлөлийн хурал


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
№ 01
Аймгийн “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийн хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад Нутгийн удирдлагын ордоны 203 тоот хурлын өрөөнд ирвэл зохих 19 гишүүнээс 12 гишүүн ирж, 70.58 хувийн ирцтэйгээр хуралдав.
Нэрийн салбар зөвлөлийн дарга О.Батжаргал:
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Аймгийн Засаг даргын 2019 оны А/817 дугаар захирамжаар аймгийн “Газар зүйн нэрийн салбар зөвлөлийг” 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж өнөөдөр анхны хурлыг хийж байна.
Анхны хуралдаан учраас танин мэдэхүйн болон одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн чиглэлээр мэдээлэл сонсох, цаашид ямар ямар ажлуудыг зохион байгуулан авч хэрэгжүүлэх талаарх санал авна. Нэрийн салбар зөвлөлийн үндсэн чиг үүрэг, ямар эрх, үүрэгтэй, юуг шийдвэрлэх талаар нэрийн салбар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэртэй хиллэж байгаа бусад аймгуудын хилийн цэс, сумд хоорондын хил цэсийн газар зүйн нэр нь өөр өөр нэрлэдэгт тодотгол хийх шаардлагатай гээд хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1. Засаг даргын захирамжаар байгуулсан аймгийн “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, үндсэн чиг үүргийг танилцуулах
2. Газар зүйн нэрийн талаар Монгол Улсад хийгдсэн ажил, аймгийн ГХБХБГазарт хадгалагдаж байгаа архивын баримт материалуудын талаар мэдээлэх
3. Газар зүйн нэрийн талаар тусгагдсан хууль, эрх зүйн баримт бичгийн судалгаа
4. ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны А/290 дугаар тушаалаар баталсан “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааны дүрэм
5. Сумдад газар зүйн нэрийн салбар зөвлөл байгуулах чиглэл хүргүүлэх зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлах
6. Нэрийн салбар зөвлөлийн 2020 онд хийх ажлын төлөвлөгөөнд оруулах санал солилцох
7. Аймгийн газар зүйн нэрийн салбар зөвлөлийн орлогч даргыг зөвлөлийн гишүүдээс сонгох
ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Зоригтбаатар:
Газар зүйн нэрийн хэрэглээ, ач холбогдол гэсэн сэдвээр танилцуулга илтгэлийг тавьж, ГЗБГЗЗГ-аас бэлтгэсэн “Газар зүйн нэр түүхий түүчээ” 20 минутын видео нэтрүүлгийг үзүүлэв.
Аймгийн ГХБХБГазарт хадгалагдаж байгаа архивын баримт болон газар зүйн нэрийн талаар тусгагдсан хууль, эрх зүйн баримт бичгийн талаар мэдээлэл өгсөн.
Нэрийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ч.Гүнсэнхорол:
ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны А/290 дугаар тушаалаар баталсан “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааны дүрэм, сумдад газар зүйн нэрийн салбар зөвлөл байгуулахад чиглэл хүргүүлэх зөвлөмж болон захирамжийн төслийг танилцуулан, санал авсан.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан ард түмний суурьшилд ихээхэн өөрчлөлт гарах болж түүхэн уламжлал бүхий газар зүйн нэрүүд нь мартагдах, андуу ташаа нэрлэгдэх, өөрчлөгдөх болсон тул анх 1949 онд Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ “Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай” тогтоол, Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлиг гаргаж батлагдсан газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосноос гадна Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалжээ.
---о0о---