Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн ажил
Нэг. Орон нутагт хийсэн анхны байр зүйн дэвсгэр зураг
Монгол улсад Газрын тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлснээс хойш газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбогдсон олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн төв, суурин газруудад ерөнхий төлөвлөгөө болон кадастрын зориулалтаар том масштабын зураглалыг хийж гүйцэтгэх, тоон зургийн файл бүрдүүлэх ажлууд хийгдэж эхэлсэн.
Энэ зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын байр зүйн дэвсгэр зургийг 1:2000-ны масштабаар зураглаж, тоон зураг зохиох ажлыг аймгийн Газрын албанаас “Геомастер” ХХК-тай 2003 оны 10 дугаар сарын 1-ны өдөр 01 тоот гэрээг улсын хэмжээнд анхлан байгуулан ажилласан байдаг.
Улмаар 2004-2005 оны хооронд Өвөрхангай аймгийн 18 сумын төвийн байр зүйн дэвсгэр зургийг 1:1000-ны масштабаар зураглаж, тоон зураг зохиох ажлыг мэргэжлийн байгууллага болох “Геомастер” ХХК, “Аэрогеодези” ХХК-ууд хийж гүйцэтгэсэн.
Хоёр. Улсын геодезийн нэгдсэн тогтолцоонд хийсэн байр зүйн дэвсгэр зураг
Азийн Хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Кадатсрын зураглал ба газрын бүртгэл” төслийн гуравдугаар үе шат болох Баруун болон Хангай бүсийн Өвөрхангай аймгийн 19 сумын төв, суурин газрын болон газар тариалангийн бүс нутгийг хамарсан кадастрын зураглалын ажлыг 2009 оны 06 дугаар сарын 08-наас 2009 оны 10 дугаар сарын 20-нийг хүртэлх хугацаанд Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Баянгол, Богд, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Сант, Төгрөг, Тарагт, Уянга, Жаргалант баг, Хархорин, Хужирт гэсэн 16 сумыг “Геомастер” ХХК, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Баянтээг баг, Хайрхандулаан гэсэн 3 сумыг “Топ сүрвэй” ХХК хийж гүйцэтгэсэн.
Уг төслийн гол зорилго нь системтэй кадастрын зураглал бүртгэлийн ажлын үр дүнд тулгуурлан эдлэн газрын газар ашиглалтын бодлогыг эрчимжүүлэх, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн өмчийг баталгаажуулах, газар олголт, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ажлын тулгуур мэдээлэл, түүнд түшиглэж ҮГЗМСан бүрдүүлэх явдал юм.
“Кадастрын зураглал ба газрын бүртгэл төсөл”-ийн хүрээнд сумдын төвийн 5890.7 га талбайн зураглал, атар ба тариалангийн талбайн 47289.6 га талбайн кадастрын зураглал, 11897 парселийн 12605 ширхэг эдлэн газрын бүртгэлийн хуудас бөглөн текстэн мэдээлэл цуглуулан, 191 ширхэг эргэлтийн цэг суулгаж тэдгээрийн байршлыг тогтоон эзэмшил газрын хил хязгаарыг тэмдэгжүүлэн эзэмшигч, ашиглагч ААН, байгууллага, иргэдэд хүлээлгэн өгсөн ба 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалыг үйлдэж эдгээр ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай геодезийн үндэслэлийн сүлжээг UTM солбицлын системд GPS–ийн технологиор байгуулж, цэгүүдэд өндөр дамжуулах ажлыг нивелирдлэгийн IV ангийн нарийвчлалтайгаар Балтийн тэнгисийн өндрийн системд гүйцэтгэв.
Гурав. Аймаг, сумын төвийн байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийн ажил
Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол гарахаас өмнө Монгол орны зүүн хэсгийн аймгуудад хийгдсэн ажил TM тусгагт хийгдсэн, одоо хэрэглэгдэж байгаа кадастрын мэдээллийн сангийн программ хангамж нь харилцан адилгүй байгаа зэргээс шалтгаалж нэг талаас кадастрын мэдээллийг шинэчлэн баяжуулах, солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, мөн “Land Manager” программ хангамжтай холбох, нөгөө талаас үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийн нэг хэсэг болох төв суурин газруудын 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн агуулгыг шинэчлэх зорилготойгоор “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх”, “Монгол улсын аймаг сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийг хийх” нэртэй төслүүд 21 аймаг, 330 сум сууринд төсөл хэрэгжих зайлшгүй шаардлагатай болсон.
2002 оноос АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд WGS-84 эллипсоид, Монреф-97 датум, Меркаторийн хөндлөн цилиндрийн тусгагийн солбицлын тогтолцоонд кадастрын зураглал хийж газрын кадастрын мэдээллийн санг байгуулсан байна. Дээр дурдсан 3 өөр тогтолцоо бүхий мэдээллийн сангуудыг нэгтгэхэд хот байгуулалтын мэдээллийн сан, байгаль орчны болон газрын кадастрын мэдээллийн сан өөр хоорондоо 100 орчим метр зөрж байсан тул 2009 онд МУ-ын Засгийн газрын 25 дугаар тогтоолоор “Солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжих” шийдвэр гарсан юм. Ингэснээр Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг байрлалын хувьд дэлхий нийтийн WGS-84 солбицол, Дэлхийн хөндлөн меркаторын /UTM/ тусгаг, өндрийн хувьд Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд нэгдмэл байдлаар хийх боломж бүрдэж байна.
ГХГЗЗГ-аас хэрэглэгчдийг байр зүйн зургаар хангах үүргийн дагуу “Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000 масштабтай байр зүйн зургийн тодруулалт шинэчлэлтийг хийх” ажлыг эрхлэн явуулж байгаа болно.
Өвөрхангай аймгийн 19 сумын төв, 2 суурингийн төвийн “1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийг хийх” ажлын туслан гүйцэтгэгчийн К/2013/14 тоот гэрээг үндсэн гүйцэтгэгч “Геомастер” ХХК-тай туслан гүйцэтгэгч “Спэйшл моделинг” ХХК 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан болно.
Дээрхи ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн сум, суурингуудын 2009 онд хийсэн байрзүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийн ажлыг хийх тэдгээрийг гүйцэтгэсэн байрлал, өндрийн тогтолцоог шалгах, шаардлагатай бол ажлын удирдамжинд заасан солбицлын тогтолцоонд шилжүүлэх, өмнө байгуулсан геодезийн байнгын цэг тэмдэгтийн судалгаа, сэргээн босголтыг хийх, устсан бол шинээр цэг тэмдэгт суулгах, байрлал өндрийн сүлжээнд холболт хийх ажлыг Геодези, Зураг Зүйн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэсэн. Тайланд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт сумын төв, Баянтээг, Жаргалант багийн төвийн хэсгийн нийт 7443.9 га талбайн байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Байр зүйн зураглалын боловсруулалтын ажил
2009 онд хийсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зураг нь 2D болон 3D мэдээллийг хамтад агуулж байсан ба тэдгээрийг ажлын удирдамжид заасны дагуу 2D, 3D файл болгон салгасан.
Эдгээр зургийн файлуудын давхаргын бүтцийг ажлын зааварт заасан бүтэцтэй ижил болгохын тулд давхаргуудыг нэрийг нь өөрчлөх, зарим давхаргуудыг хооронд нэгтгэх, шаардлагатай давхаргуудыг шинээр нэмэх зэрэг файлын бүтцийн засваруудыг AutoCAD Map 3D програм ашиглан хийлээ. Энэ нь байр зүйн зургийг шинэчлэх ажлын эхний үе шат болсон юм.
3D байр зүйн зургийн боловсруулалт
Зургийн файлыг 2D, 3D болгож салгасны дараа зураглалын хэмжилтийг газар дээр нь хийсэн сумдад эхлээд хээрийн хэмжилтийн өгөгдлийг нэгтгэн холбогдох засваруудыг 3D зурагт оруулж 3D тоон зургийг эцэслэн боловсруулж ажиллаа.
3D тоон зураг нь байр зүйн зургийг бүх элементүүд нь текстэн бичиглэлгүй, байр зүйн зургийн таних тэмдгээр бус зөвхөн цэг, шугам гэсэн 2 төрлийн элементүүдээр ажлын зааварт заасан ангиллуудаар давхаргуудад оруулж, зургийн элементүүдийг 3D цэг, 3D Polyline төрлөөр газрын бодит гадаргуу дээрх байдлаар боловсрууллаа. Ажлын зааврын дагуу 3D зурагт байшин, барилга, гэр хорооллын хашааг 3D polyline-аар битүү дүрс үүсгэж зурсан бөгөөд зэрэгцээ орших (хамар) хашааны шугамууд нь давхарлаж зурагдсан.
Цаашид байр зүйн зургийн мэдээллийн сангийн шаардлагад нийцүүлэн 3D байр зүйн зурагт цэгэн таних тэмдгээр дүрслэгдэх газар дээрх цахилгаан, холбооны шугам, газар доорх инженерийн шугам сүлжээний худаг, хөшөө, сүм дуган, усан оргилуур г.м элементүүдийг 3D цэгээр илэрхийлэн зурж, холбогдох давхаргад оруулсан.
Арвайхээр, Хархорин, Хужирт сумын төвийн 3D байр зүйн зургийн шинэчлэлийг ортофото зураг, болон агаарын зургаас үүсгэсэн газрын гадаргуугийн тоон загвар DTM ашиглаж хийлээ.
2D байр зүйн зургийн боловсруулалт
2D байр зүйн зургийн боловсруулалт хийх шаардлага нь тоон зургийн бүх элементүүдийг байр зүйн зургийн таних тэмдгээр дүрслэх явдал юм.
3D зургийн боловсруулалтыг хийж дууссаны дараа зургийн бүх шугаман элементүүдийг 2D polyline-д хөрвүүлэх замаар 2D байр зүйн зургийг үүсгэсэн. Үндсэн гүйцэтгэгчээс өгсөн чиглэлийн дагуу 2D тоон байр зүйн зургийн, цэгэн болон шугаман бүх элементийн өндрийг 0 буюу 0 өндөр бүхий нэг хавтгайд буулгасан. Энэ буулгалтыг хийсний дараа зургийн таних тэмдгээр дүрслэгдэх цэгэн элементүүдэд хамаарах байр зүйн зургийн таних тэмдгүүдийг AutoCAD-ийн Block-оор дүрсэлж үүсгэсэн. 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн таних тэмдгийн тухайн масштабт дүрслэгдэх хэмжээнд харгалзах газар дээрх хэмжээ буюу метрийн нэгжээр илэрхийлж таних тэмдгийн Block-уудыг үүсгэсэн.
2D байр зүйн зурагт цэг, шугамаар дүрслэгдэх объектууд, текст бичиглэл, өнгөөр дүүргэж будах г.м бүх элементүүдийг “1:500-1:5000-ны масштабтай байр зүйн зургийн таних тэмдэг”-ийн дагуу дүрсэлж зургийн боловсруулалтыг хийлээ.
1:1000-ны масштабтай байр зүйн тоон 3D зургийг Зураг 8-д, тухайн хэсгийн 2D зургийг Зураг 9-д тус тус үзүүлэлээ.
Зураг-8 /3D зураг/ Зураг-9 /2D зураг/