АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХИЙНЭ




Өвөрхангай аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2005 онд хийж, 2006 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталснаас хойш 19 жил өнгөрч байна.
Тиймээс аймаг, сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг улсын хөгжил, байгаль экологийн өөрчлөлт, хүн амын өсөлттэй уялдуулан шинэчлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Тус ажлын хэсэг өчигдөр аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах тендерт шалгарсан “Газар дэлхий” ХХК-ний төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийх үйл ажиллагааны дарааллыг танилцуулж, орон нутгийн зүйгээс шаардлагатай дэмжлэгийн талаар санал солилцлоо. Эхний ээлжинд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, хээрийн судалгааг хийх ажээ.
Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг 2026 онд багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.
Энэхүү төлөвлөгөөг хийснээр газар ашиглалт, хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэх, газрыг иргэд болон нийгмийн хэрэгцээнд тэгш, шударга, хүртээмжтэй байдлаар хуваарилах замаар эрх зүйн болон эдийн засгийн хувьд үндэслэл сайтай, үр ашигтай, экологийн тэнцвэрт байдлыг хангасан газар зохион байгуулалт, газрын кадастрыг хөгжүүлж, газрын нөөцүүдийг оновчтой ашиглах, үйлдвэрлэлийн салбаруудыг зөв байршуулж төрөлжүүлэн хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.