Газар зүйн нэрийн салбар зөвлөл

2020-03-06

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

“Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын геодези, зураг зүйн газарт даалгаж байжээ.

Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1982 онд Улсын геодези, зураг зүйн газраас Өвөрхангай аймгийн газар нутгийн нэрийг тодруулан тогтоох хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.

Хээрийн судалгааны ажил эхлэхээс өмнө 1:100 000-ны масштабтай байр зүйн зурагт БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигт заасан аймаг, сумын хилийн цэсийн газар нутгийн нэр, 1932-1950 онуудад хэвлэсэн төрөл бүрийн масштабын газрын зураг дээр байгаа газар нутгийн нэрийг байрлалаар нь оруулж, судалгааны ажилд ашигласан байна.

1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн хээрийн судалгааг орон нутгийн оролцоотой явуулан 242388 нэрийг тодотгон тогтоожээ.
 
 Өвөрхангай аймагт тодруулан тогтоож ирсэн газар нутгийн нэрэнд боловсруулалт хийж, Улсын газар нутгийн нэрийн байнгын комиссын 1985 оны 3-р сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 11231 нэрийг баталж, баталсан материалаар газар нутгийн нэрийн зургийг үйлдэв.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “УИХ-аар газар зүйн нэрийг батална” гэж заасны дагуу Монгол орны 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг гаргаж УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлуулан, МУИС-ийн Нэр судлалын төвтэй хамтран 2004 онд газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон. 

 Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд урьд өмнө нь тодруулан тогтоосон газар зүйн нэрээ хайрлан хамгаалах, үнэн зөв монгол нэрээр газар усаа нэрлэх, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах ажлуудлыг зохион байгуулах зорилгоор ‘‘Газар зүйн нэрийн зөвлөл’’-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн  газрын дэргэд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар зөвлөл ажиллуулахаар дүрмийг батлан ирүүлсэн.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/817 дугаар захирамжаар Аймгийн “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийг байгууллаа.

Газар зүйн нэрийн салбар зөвлөл дараах 11 байгууллагын төлөөлөл багтсан 17 хүний бүрэлдэхүүнтэй юм. Үүнд:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
2. Аймгийн Засаг даргын Тамгын газар
3. Байгаль орчин, аялал жуулчлалын газар
4. Боловсрол, соёл, урлагийн газар
5. Хүнс, хөдөө аж ахуйн газар
6. Онги-Таац голын сав газрын захиргаа
7. Зэвсэгт хүчний 256 дугаар анги
8. Өвөрхангай Автотээврийн төв
9. “Мэдээлэл Холбооны Сүлжээ’’ ХХК-ийн Өвөрхангай аймгийн газар
10. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Өвөрхангай аймгийн Холбооны газар
11. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нэрийн салбар зөвлөл нь Монгол хэлний үгийн сангийн болон хэл зүйн хэм хэмжээ, зөв бичих дүрмийн хүрээнд газар зүйн нэрийг шинжлэх ухаан, түүх, угсаатан зүйн үндэслэлтэйгээр нэрлүүлэхэд анхаарах, шинээр өгөх, өөрчлөх газар зүйн нэр болон түүнтэй холбоотой бусад асуудлыг хэлэлцэх үүрэгтэй орон тооны бус зөвлөл юм. Мөн Улсын Их Хурлаар батлагдсан албан ёсны газар зүйн нэрийг мөрдүүлэх, зөв бичиж хэвшүүлэх, хөрвүүлэх, түүхэн уламжлалт газар зүйн нэрийг сэргээх, хамгаалахад хяналт тавина. Нэрийн салбар зөвлөл жилд 4-өөс доошгүй удаа хуралдаж сум орон нутгаас шинээр өгөх, өөрчлөхөөр ирүүлсэн нэр бүрийг хэл зүй, түүх, соёл, хүрээлэн буй орчин, газар зүйн объектын тодорхой шинж зэрэг олон талаас нь судалж хэлэлцэнэ.

Аймгийн “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийн анхны хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад Нутгийн удирдлагын ордоны 203 тоот хурлын өрөөнд ирвэл зохих 19 гишүүнээс 12 гишүүн ирж, 70.58 хувийн ирцтэйгээр хуралдав. 


                                                                                                           ---о0о---

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР